Мэдээ

Монгол улсын Өмгөөллийн “Эл Би Партнерс” хуулийн фирм БНХАУ-ын Бээжин “Анли” (安理) хуулийн фирмтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын Өмгөөллийн “Эл Би Партнерс” хуулийн фирм БНХАУ-ын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг Бээжин “Анли” хуулийн фирмтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, олон улсын хууль зүйн үйлчилгээний цар хүрээгээ улам өргөжүүллээ.

Тус арга хэмжээнд “Анли” хуулийн фирмийн Удирдах зөвлөлийн дарга Мэн Сяньмин, Хөх хот дахь салбарын Гүйцэтгэх хорооны дарга Гү Вэйдун, мөн тус салбарын өмгөөлөгчид Аотэгэнь Гаова, Ли Мин, Лю Шинтин, Ян Жяньлин нар болон Өмгөөллийн “Эл Би Партнерс” хуулийн фирмийн партнер, хуульч өмгөөлөгч Г.Буян, эрх зүйч Б.Намуун нар оролцлоо.

Монгол, Хятад хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж, Монгол Улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж буй энэ үед энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь хоёр улсын иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад олон улсын жишигт нийцсэн, цогц хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Монгол, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд компанийн эрх зүй, хөрөнгө оруулалт, худалдаа, гэрээ хэлцэл, уул уурхай, дэд бүтэц, барилга, тээвэр зэрэг чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлэхээс гадна хил дамнасан маргаан шийдвэрлэх ажиллагаанд хамтран ажиллах юм. Мөн Монгол Улсад гадаад улсын шүүх болон олон улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой эрх зүйн ажиллагаанд хамтран ажиллаж, үйлчлүүлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн боломжийг өргөжүүлж байна.

“Анли” хуулийн фирм нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, БНХАУ-ын тэргүүлэх өндөр зэрэглэлийн цогц бизнесийн хуулийн фирмүүдийн нэг бөгөөд 700 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэй, БНХАУ болон олон улсын хэмжээнд нийт 16 салбартай бөгөөд “Нэгдсэн удирдлага, Мэргэжлийн үйлчилгээ”-ний хөгжлийн загварыг амжилттай хэрэгжүүлэн корпорацийн эрх зүй, маргаан шийдвэрлэлт болон бусад олон чиглэлээр өндөр түвшний хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг. Тус фирм нь үйл ажиллагааны чанар, мэргэжлийн нэр хүндээрээ үнэлэгдэж, “Үндэсний шилдэг хуулийн фирм”, “Хятадын оны шилдэг ажил олгогч” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн байна.

LB Partners хуулийн фирм нь энэхүү стратегийн хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр байгууллагын мэргэжлийн туршлага, олон улсын хамтын ажиллагааны давуу талыг нэгтгэн, Монгол, Хятадын бизнесийн хамтын ажиллагааг эрх зүйн найдвартай орчноор хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт болон хил дамнасан маргааны чиглэлээр үйлчлүүлэгчдэд иж бүрэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллах болно.